Боловсролын сайдын тушаалын дагуу Ховд аймагт цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Аймгийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрт хуваарилагдсан сургууль, цэцэрлэгт ажиллаж, 7 болон 15 настай хүүхдүүдэд товлолын дархлаажуулалтыг давхар хийж байна.
Эхний байдлаар зарим хүүхдэд суурь өвчин, цус багадалт, зүрх судасны эрсдэл илэрсэн ч онцгой нөхцөл байдал ажиглагдаагүй байна. 2025 онд 6 настай 256 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийхэд 52 нь эрсдэлтэй гарч, тэдний 6 нь нарийвчилсан шинжилгээ хийлгэн эмчийн хяналтад орсон юм.
Аймгийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд өнгөрсөн жил харааны бэрхшээлтэй 17 хүүхэд оношлогдсон бөгөөд энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг эмч нар дэлгэцийн хэрэглээтэй холбож үзэж байна. Мөн 3 настай хүүхдэд аутизмын, 11 настайд хавтгай тавхайн, 15 настайд сэтгэц, мэдрэлийн үнэлгээ хийж байгаа юм.
Эх сурвалж: khovd.mn
